Monday, October 7, 2013

Оршил

Монгол үндэстэн өөрийн газар нутаг дээр мянга мянган оныг элээж аж төрсөөр ирсэн бөгөөд энэ хугацаанд Үндэстэний давтагдашгүй онцлог шинж төрхийг хадгалсан агуу их соёл, түүхийг бүтээсэн ард түмэн билээ. Монгол үндэстэн он цагийн эргэлтэнд хөгжин мандаж, бууран доройтсон нь цөөн бус боловч Үндэстэний соёл, ёс заншлаа үеэс үед уламжлан үлдээж, газар нутаг эх орондоо эзэн нь байсаар өнөөг хүрсэн юм.
Гэтэл сүүлийн 16-н жилийн дотор зохион байгуулалт бүхий бүлэг этгээд Монгол Үндэстэний шилдэг хөвгүүд охидын зүтгэл тэмцэл, цус хөлс шингэсэн Монгол Улсын Тусгаар тогтнолыг ганхуулж, бүтээн босгосон барьж байгуулсан бүхнийг нь төрийн өмчийг хувьчлах нэрээр зувчуулж, гадагш дотогш зөөж үрэн таран хийж байна.
..
Тэд хувь хүний эрх ашгийг улс төрийн! хувийн өмчийг эдийн засгийн эрхэм зорилго! хэмээн тунхаглаж, энэхүү үзэл санаанд тулгуурласан 1000 гаран хуулийг батлан гаргаад байна. Эдгээр хуулиудын хүрээнд бид халдашгүй дархан эрхээ хувьчилж!! эх орондоо харийнханд боолчлогдох, эх орноо харийнханд худалдах!! сэтгэхүй Монгол даяар “хар тахал” мэт тархаж байна.
Үндэстэний оршихуйн нэг үндэс газрыг хэн мөнгөтэйд нь дуудлагаар худалдаж, Үндэстэний дахин нөхөгдөшгүй баялаг алт эрдэнэсийг Монголын хууль харийнханд шимтгэл авах төдийхнөөр зүгээр л өгчихөж байна! “Ардчилал”-аар халхавч хийсэн зальт этгээдүүдийн боловсруулж гаргасан хуулиудын “ач”-аар Монгол Улс нийт газар нутгийнхаа хоёрны нэгийг лиценз хэлбэрээр гадна дотны хэн дуртайд нь олгоод байгаа бөгөөд Монгол Улсын газар нутгийн гуравны нэгийг харийнханы эзэмшилд нэгэнт өгчихөөд байна!

Ийнхүү эдгээр хуулиуд нь Монгол Үндэстэний эрх ашигт харшилж, Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдаж, Монгол улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдлыг ганхуулж байна. Энэ бүхнээс дүгнэвэл Монгол Үндэстэн оршин тогтнох тулгуураа алдаж, Монгол үндэстэн түүний эрх ашгийг хамгаалж байгуулсан Монгол улс цаашид орших уу? эс орших уу? гэсэн амин чухал асуудал өнөөдөр Монгол үндэстэний өмнө тулгараад байна.

Монгол улсад 30 гаруй нам улс төрийн үйл ажиллагаа явуулдаг боловч тэдгээр намуудын үзэл санаа, үйл ажиллагаа нь өөр хоорондоо ялгагдах зүйл бараг үгүй бөгөөд тэд “ардчилал” хэмээх мананд төөрч будлижээ. Төөрч будлисан нь байхад зориуд төөрүүлж, будлиулж, ард түмнийг хуурч мэхэлж, итгэл сэтгэл дээр нь дөрөөлж буй зальт этгээдүүд Монголын улс төрийн намууд болон бусад хүчнүүдэд оршиж, Монгол Үндэстэний эсрэг бодлого боловсруулж, үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсаар байна!

Энэ нь сүүлийн 18-н жилд Монголын төрөөс батлан гаргасан хуулиудаас илэрхий харагдаж байна. МАХН төр барьж байна уу? АН төр барьж байна уу? Эсвэл олон намын эвсэл төр барьж байна уу? гэдгээс үл хамаарч, Монголын төр хувь хүний эрх ашгийг эрхэмлэж, ингэснээрээ Монгол Үндэстэний эрх ашгийг уландаа гишгэж, үүний улмаас Монгол Үндэстэний нэгдмэл байдал алдагдаж, дур зоргоороо авирлах үзэл – волюнтаризм газар авч, төргүй, засаггүй байх үзэл – анархизм гаарч, Үндэстэний эсрэг гэмт хэрэг үй олноор гарах болж, түүнийг Монголын хуулиар хүлээн зөвшөөрч байна!!

Энэ нь ард түмнийг улс төрөөс залхааж байна. “Улс төр” бол тухайн Улсын ард түмний хүндэтгэн дээдэлж, хүрээлж байх учиртай ариун нандин зүйл билээ.

Гэтэл Монголын улс төрийн намууд хүн ардаа “Улс төр” гэсэн хүндэт ойлголтоос залхааж, Улс төргүй буюу байсан ч хэн нэгэнд найр тавихад бэлэн болтол нь залхааж байна!

Монголын улс төрийн намууд үүнийг хүсэж байна! Эсвэл хүсээгүй ч тэдний үйл ажиллагаа Монголын ард түмнийг ийм байдал руу түлхэж байна! Үүнийг хараад суух буюу Монгол Үндэстэний мөхлийг хүлээх эрх агуу их Монгол Үндэстэний эс ширхэг болж төрсөн надад байсангүй.
Учир иймээс Үндэстэний үзэлтнүүдэд, Эх орончдод, үндэсний, үндсэрхэг хэмээгчдэд, ерөөс агуу их Монгол Үндэстэний эс ширхэг болж төрсөн хүн бүрт энэ асуудал хамаатайн учир Эх орноо, Улс Үндэстэнээ хайрлах сэтгэл зүрхтэй Монгол хүн бүрт зориулан та олны мэргэн оюунд толилуулж байна. Болгоон соёрхоно уу.
Монгол үндэстний оюуны мэлмий тунгалаг байг. 

Зохиогч: А.Гэрэл

No comments:

Post a Comment