Олны ярилцах нь: <<Хорвоо дэлхийд үхэх, төрөх хоёроос өөр үнэн юм ер алга>> гэлцэх юм. Гэтэл зарим нь омогшингуй: <<Бид үнэнч, шударгаар амьдарч өдий хүрсэн улс>> гэж сайрхдаг. Харин миний бие үнэнд аль болох ойр, шударгадуу амьдрахыг хичээгч нэгэн билээ. Монголчууд бидэн улсын маань гал голомтыг бадрааж, тулгар төрийг маань байгуулж өгсөн Богд эзэн ЧИНГИС хаанаа: <<Өргөн дэлхийн соёл иргэншлийг устгаж, өвөг дээдсийг минь тарааж, өнөөгийн биднийг үхэл, мөхлийн ирмэгт хүргэсэн ...>> хэмээн хүчирхэг хөршийнхөө таалалд нийцүүлэн далан жил <<донгодов>>. Гэтэл Чингис хааны төр толгойлж байсан үед (1189-1227 он) Монголчууд хамгийн хүнлэг, хамгийн эвсэг, хамгийн шударга, хамгийн дэгтэй, хамгийн хүчирхэг байж үүнийхээ хэрээр амьдрал ахуй нь дэгжин дээшилжээ. Чухамдаа өнөөгийн бидний амны уншлага, өдрийн бодол, шөнийн зүүд болсон <<хүнлэг энэрэнгүй нийгэм>> маань тэр цагт хаяанд биш юм аа гэхэд саахалтын зайд байсан юм биш биз? Цаг ирэхэд бид өндөр зэрэглэлтэй буурчийн газартаа алдрыг тань <<хайрлаж>>, хэд гурван хүн нийлж ашиг хонжоо эрэхдээ нэрийг тань зээлдэж, хүн бүхэн таарсан таараагүй дээл эгэлдэргэлээд, энгэртээ таны хөрөгтэй (мөн бишийг бүү мэд) тэмдэг зүүж, алтан шарилыг тань эрж олохоор таны ч хүрч амжаагүй (ач хүү Хубилай чинь дөхөж очсон) Япон гүрэнтэй хамтран төр улсын минь тоонот-Гурван голыг самнаж байна. Тэнгэрлэг эзнийхээ алтан шарилыг хөндүүлэх ёозгүй үйлийн гэрч болох нь хэмээн харамсавч: <<Олдохгүй дээ, бидний дээдэс тийм гоомой юм хийх ухаан мулгуу улс биш>> гэсэн бардамнал, горьдлын оч сэтгэлийн гүнд улалзах юм. Бас хөшөө дурсгалын цогцолбор босгон, мэндэлсэн өдрийг тань нэг жилд зургаан удаа (урьдахаа нөхөх гэсэн мэт) : (4-р сарын 16, 5-р сарын 1; 31; 6-р сарын 6, 7, 9-нд) тэмдэглэж, бараг л <<алтан, мөнгөн хурим>> зохион хийж, дахин боловсон нутаглуулах бололтой... Бурхан минь, юу л болдог бол? Олны ярилцах нь: <<Хүний мөс чанар муудаж, одоогийн багачууд эх захаа алдаж гүйцжээ!>> гэлцэх юм. Гэтэл нөгөө нэг хэсэг нь бахархангуй: <<Урьдын биднийг бодоход харин ч соёлтой, боловсролтой болж>> хэмээлцэх юм. Энэ нь оргүй ч зүйл биш боловч зэрэмдэглэж эзэмшсэн өрнөдийн соёл, боловсрол хэзээ ч хүн чанарыг орлож чадахгүй билээ. Харин өндөр соёлтой, боловсон залуус нь яагаад дайны үеийн фашистуудаас ч зэрлэгээр авирладаг, (дэндүү хангалттай жишээ бий) хувийн шунахай зорилгоо биелүүлхийн тулд хүний нэр худалдан, итгэл, сэтгэлийг нь уландаа гишгэдэг, үнэнийг худал, худлыг үнэн болгох гэж улайран зүтгэдэг болоо вэ? Үнэндээ бид чинь <<Ичих нүүрэндээ элэг нааж>> гүйцжээ. Гурван төрийн нүүр үзэж, 77 насны сүүдэр зооглосон миний буурал эмээ өөрөөсөө ганцхан ах хүнийг хүндлэн дэргэд нь тамхи татдаггүй байсаан. Гэтэл одоо тамхи, шүдэнз гуйсан хуруун чинээ хүүхдүүд алхам тутамд тааралдах юм. Хүүхэд залуучуудын, ялангуяа охидын хүмүүжил, ёс суртахуун асар их доголдсон нь сэтгэл эмзэглүүлж байна. Эмэгтэйчүүд, охид нь хүнлэг, нинжин сэтгэлээ гээсэн ард түмнийг зөвхөн мөхөл, сүйрэл л тосох болно шүү! Эх оронд минь болон бусад аль ч улс, үндэстэнд ийм л гамшиг үл тохиолдог! Учир нь: Энэ хохирлыг нөхөхөд наад зах нь хэдэн арван жилийн хугацаа шаардагдах бөгөөд, ямар ч сайн ерөнхийлөгч, хичнээн ч давхар байшин, хэдэн ч сая төгрөг үл хүрэлцэнэ. Намайг хүүхэд ахуйд мал угаахад зориулсан хашаанд л бүдүүн төмөр хоолойгоор хийсэн хайс байдагсан. Гэтэл одоо Улсын цирк, Спортын төв ордон, архины мухлагууд, кино театрын үүдэнд мөнөөх эвдэршгүй төмөр хайс сүндэрлэсээр… Энэ бидний соёлжилтын өсөлт үү? Цөвүүн цаг ирж, эх оронд минь дайсан халдвал чухам хэн рүү буудах нь мэдэгдэхгүй <<зарим заримдгууд>> ч олширлоо. Хойд зүгт мандсан өөрчлөн байгуулалтын гэрэл Монгол оронд маань нэвтэрч, сайн цагийн үүр хаяарч эхэлсэн хэдий ч хуучны сүүдэр хэвээр байна. Өөрчлөн байгуулалт, ардчилал, ил тод байдлын <<үрээр>> бүх шатны дарга нар огцорч, яам, тамгын газрууд нэр хаягаа сольж, хүмүүс үзэл бодлоороо эвсэлдэн нэгдэх эрхээ эдэлж, улс төр олон нийтийн 90 гаруй шинэ байгууллага өөр өөрийн өнгөөр өндөр, нам дуугарч байна. Улс төрийн шинэ хүчнүүд төрийн толгойг зайдалсан МАХН-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, нийгэм, улс төрийн амьдралд олон эшт үзэл дэлгэрч, зарим <<хүндэт самбар>> хүртэл <<өөрчлөлт, шинэчлэлтийг хошуучлагчид>> болон хувирлаа. Алдар нэр, албан тушаалын дон шүглэсэн атаач, жөтөөч хүмүүст амьдаараа залигуулсан ардын яруу найрагч Р.Чойномын түүвэр хэвлэгдэж, 1937, 1938 онуудад өрсөлдөн шатаасан бурхан шашин, сүм хийдээ сэргээн эхэлж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн үй олон хүмүүсийг <<цагаатгав>>. Тухайн үед манай нам, төрийг жолоодож байсан Гэндэн, Дэмид, Амар, Чойбалсан нар <<айлд өөд болсныг>> эх орны минь хэн ч халдашгүй газар нутгийн зах сэжүүр <<сэмэрч>> буйг шивнэлдэж байна. Харамсалтай нь шинээр томилогдсон төрийн тэргүүн маань <<Авснаа мартаад, өгснөө ярилаа>> гэж уцаарласанд нь сэтгэл гутаж, итгэл алдармаар... <<Алт, мөнгө, зэс ард түмний өмч>> гэсэн лоозон, <<Ардын Түр Хурлын>> төлөө улс төрийн өлсгөлөн зарлахыг ч үзлээ. Зөвхөн нам төрийн тэргүүн мулгуугаас мал өсөхөө больсон. Гандан хийдийн тэргүүн хамбаас болж оюуны хосдолтой хүүхэд олноор төрсөн. Улсыг Аюулаас Хамгаалах Байгууллага, Цагдан Сэргийлэх Байгууллага хоёр НАХЯ-нд нэгдсэнээс гэмт хэргийн тоо өссөн, сонин хэвлэлүүдийн нэрнээс болж ардчилал хумигдсан, уриа нь оноогүйгээс хүн бүр 20 гаруй мянган төгрөгийн <<өр>>-д баригдсан, улс төр олон нийтийн байгууллагууд цөөдсөнөөс тахь устаж, нуур цөөрөм ширгэсэн. Заамрын алт, Асгатын мөнгийг ашиглаагүйгээс хэл, соёлоо мартсан хэрэг үү?! Тэгвэл туг барьсан морьтон <<капитализмыг алгасч>> далаад жил хаашаа давхиа вэ? Харин ардчилал гэдэг анархи байдлаас уламжлал гэдэг урт үснээс, улс төрийн соёл гэдэг уухай хашхирахаас, өөрчлөн байгуулалт гэдэг модны үзүүр нь шатаад өнгөрдөг (унтрааж болдоггүй) ойн түймрээс огт өөр зүйл биз ээ. Шинэ цаг ирэхэд улс гүрэнд маань олон нааштай өөрчлөлтүүд гарсан боловч малчид хөдөлмөрчид мах, сүү, эдийн савангаар, машин техник-сэлбэг хэрэгсэлээр, мал сүрэг хужир, усаар, эхчүүд эмэгтэйчүүд <<ариун цэврийн хэрэглэлээр>>, хүүхэд багачууд өмсөж зүүхээр, хүний оюун-үнэн мэдээллээр, хэвлэх үйлдвэр цаасаар дутагдсаар л байна. Бас эхчүүдийг олон хүүхэд төрүүлсэн л бол одонгоор шагнадаг, ажилчин албан хаагчдыг өвчилсний нь төлөө цалин олгодог, найман нас л хүрсэн бол хүүхдийг хүссэн ч, хүсээгүй ч танхимд <<хашиж>> сургадаг хэвээр, ихээхэн өр тавьж олсон зээлийн хөрөнгөөр <<хүний хүүхэд>> тоглосоор л байна. Энэ бүхний цаана улс, эх орондоо сайн хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд, эрүүл мэнддээ санаа тавьдаг ажилчид, сурах хүсэлтэй хүүхдүүд, авъяаслаг уран бүтээлчид, эрдэмтэй эрдэмтэд, (Намнандорж, Нинжбадгар) хохирсоор байна. Нэг жилд 15-20 хүн төрийн шагнал хүртдэг, нэг долоо хоногт 1-2 хүн эрдмийн зэрэг цол хамгаалдаг боловч хоцрогдол хямрал мөн л хэвээр... ҮНЭН ХУДЛЫН ДЭНС ЦАГИЙН ЭРГЭЛТЭД Л ТОДОРНО! <<Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан, социалист нийгэм>> нь ойрхон л байгаасай билээ... Уужуухан сэтгэж, ухаантайхан амьдарч, бодолтойхон дуугарч, бодитойхон бүтээхгүй бол ам, амандаа гоочлоод байсан <<бүдүүлэг үе>> маань <<АЛТАН ҮЕ>> болон үлддэгийг ТҮҮХ САНУУЛЖ БАЙНА! Хүн бүхэн эзэн хаан ЧИНГИС-тээ хүүхэн бүхэн эрэмгий найрагч ЧОЙНОМ-доо өнөөдрийнх шигээ хайртай байсан бол... БУРХАН ӨРШӨӨ! Цаг... Цаг... Цаг ирж явна.
Цогзолын Ганхуяг 1990. 6. 10.
No comments:
Post a Comment